Дэлхийн газрын зургийг анх бүтээсэн хүн бол Голландын Фландерс нутагт герман айлд төрж өссөн Герардус Меркатор (Gerardus Mercator, 1512-1594) юм. 1538 онд хэвлэгдсэн Меркаторын анхны дэлхийн газрын зураг нь Хойд Америк, Өмнөд Америк гэх нэрийг хамгийн анх хэрэглэв. Берингийн хоолойг нээж, Өмнөд, Хойд Америк нь Евразитай залгаа биш юм байна гэдгийг түүнээс хэзээ хойно нээж мэдсэн бөгөөд магадгүй тэрээр энэ тухай адал явдалт аялагчдын амнааc сонсож мэдсэн хэрэг биз ээ. Меркаторыг 1544 онд Христийн сүмээс тэрс үзэлтэн хэмээн баривчилж, 7 cap хэртэй хугацаагаар шоронд хорьж байжээ. Тэрээр 1569 онд нэр алдрыг нь хойчийн олон үе дамнуулан алдаршуулсан дэлхийн газрын зургаа бүтээж дуусгажээ.
Тэр үеийн олон адал явдалтнууд газар газрын хэсэгчилсэн зургийг зурж бүтээсээр, түүнийгээ барин ирж байсан тул тэр бүхнийг нэгтгэн дэлхийн газрын зургийг бүтээх нөр их ажлын ард гарч чаджээ. Меркатор газрын зургаа бүтээхдээ дэлхийн бөмбөрцгийг цилиндр хэлбэртэй хоолой руу шургуулж байгаад Өмнөд Хойд тэнхлэгтэй адил байрлалаас гэрэл тусгах замаар хавтгай дээр буулгаж хийсэн бөгөөд үүнийг зөв цилиндрийн арга гэж нэрлэнэ. Түүний газрын зураг далайн бүсийн зүг чигийг алдаагүй зөв гаргасан нь хамгийн онцлох тал юм. Газрын зураг дээр дурын А цэгээс Б цэг хүртэл шулуун шугамаар холбож зүг чигийг яг зургийн дагуу мөшгөн явахад бодит байдал дээр А цэгээс Б цэг хүрч чадаж байсан юм.
Гэвч Өмнөд, Умард туйлыг Эквадортой адил хэмжээгээр зурчихсан учраас өргөрөг өндөрсөх тусам сунаж тэлэн өргөснө. Жишээлбэл: 60 дугаар өргөрөг дээр гэхэд өргөргийн бодит урт Экваторын хагастай тэнцүү байх ёстой атал, уртраг, өргөрөг аль аль нь 2 дахин уртасчихсан учир нийт талбай 4 дахин уужим болно. Гринландын газар нутаг гэхэд 17 дахин томорчихсон байх жишээтэй байв. Гэвч дээр хэлсэнчлэн энэ зургийн хамгийн том давуу тал нь далайн зургийнх нь өндөр нарийвчлалтайд байсан учраас, бага зэрэг төвөгтэй байсан ч гэлээ, өргөн ашиглагдах болжээ. Энэ газрын зураг Европ, Африкийн эх газар, Арабын хойг, Энэтхэг хүртэлх газар нутаг тухайн үеийн европчууд олноороо аялан очиж байсан учир их сайн нарийвчлалтай зурагджээ. Америк, Карибын тэнгис, Америкийн зүүн эрэг хавь, Юкатан хойг, Мексик хавийг бас сайтар нарийвчилж зурсан хэрнээ, Европоос зүүн тийш, Калифорноос хойшоо, Өмнөд Америкийн урд хэсэг, баруун эрэг хавийн газар нутаг тун бүрхэгдүү зурагджээ. Энэ байдал яах аргагүй тэр үеийн мэдээллийн хомсдолтой холбоотой биз ээ.
Өнөөдрийн бидний хэрэглэж буй дэлхийн газрын зураг нь энэхүү Меркаторын газрын зургийг иш үндэс болгон илүү нарийвчлалтай болгосон зүйл билээ. Нэг ёсондоо, тухайн үедээ дэлхийд шинжлэх ухаан, технологиор тэргүүлж байсан Голланд улсын бүтээж бий болгосон зүйл нь энэхүү Меркаторын дэлхийн газрын зураг байв. Дэлхийн газрын зураг бүтээж буйн цаана дэлхийг эзлэх санаархал нь нуугдаж буй гэж болно. Португаль, Испани хоёр гэхэд дэлхийг хуваан эзлэх тухай санаархлаа Меркаторын зургаас урьд бүтээсэн тун тааруухан нарийвчлалтай газрын зурагт тулгуурлан боловсруулж байжээ. Улмаар Тордесилласын гэрээ (Treaty of Tordesillas) мэт нь эндээс урган гарчээ (1494 онд Португаль, Испани хоёр газар нутаг хувааж эзэмших зорилгоор энэ гэрээг байгуулжээ. Баруун Африкийн Сенегалийн эрэг, Кабобердын арлуудын баруун талын далай дээрх 46 дугаар өргөргийн 37 минутыг гол шугам болгон, тэр шугамаас зүүншээх газар нутгийг Португаль, барууншаах бүс нутгийг Испани эзэмшинэ гэж шийджээ). Дэлхийн газрын зураг нь дэлхийг эзлэн авах санаанаас төрсөн гэх нь огтхон ч хэтрүүлэг биш. Дэлхийн газрын зураг бүтээж, газар нутгийг таньж мэдье гэх санаархал нь дэлхийг эзлэн авах, колоничлох гэсэн шунал хүсэлтэй салшгүй холбоотой, нэг зоосны хоёр тал гэмээр ойлголтууд юм.

Leave a comment